Вэб вэб вэб…

Standard

За миний бие вэб бичиж эхлээд 7 хоночлоо. Нилээн дээрээс энэ талаар болон орчин үеийн вэб хандлага болон хэлнүүд, бие сурах арга замын талаар судалж суусны эцэсд яг гараа хөдөлгөж эхлээд 7 хонолоо.

Энэ хугацаанд өөрийн вэб хуудасны дизайныг гаргаад, HTML CSS хоёрыг ямархуу залуус вэ гэдгийг л хийж амжих шив дээ. Уг нь их гайгүй санагдаад шууд л вэбээ бичээд, загварынхаа дагуу хийх гэхээр нэг л болж өгдөггүй шүү. Магадгүй яарвал даарна гэдэг үг энд үнэнийг олж байх шиг байна.

Юутай ч хэд хоногын дараа wordpress дээр биш өөрийнхөө вэб дээр нийтлэл бичээд сууж байна гээд ам гарчихъя. өөрийнхөө сайт дээр янз бүрийн бодол санаа болон яаж вэб програмчлал болон бусад зүйлсийг суралцаж байгаагаа хуваалцаж байх болно. Миний тэмдэглэл болон цаашдын зорилтуудаа ил байлгаэ өөртөө шаардлагаа өндөрсгөж, хариуцлага үнэрлүүлж сурах санаатай.

За хэд хоногын дараа миний сайтанд шинэ нийтлэл орох болно.

Ps: Зарим нэг хүмүүсээс хэд хоног сураггүй байсандаа хүлцэл өчье. Мэднэ дээ, энэ нөхөр нэг юм хийгээд эхэлхээрээ ертөнцөөс утгаараа тасардаг гэдгийг 😛

11 хоногын аялалын үр дүн.. 6.5 Yeeheey !!!

Standard

10450094_718719194840679_8726966855465788958_o

Хөлбөмбөг, бразил бразил, гоал гэсээр байгаад 6,7н сар шуураад л өнгөрч байлаа. Энэ шуурган дунд би ESP дээр явж очиж 7н сарын IELTS-д бүртгүүлсэн бөлгөө. Сонин гэвэл ойрын үед монголд ихэвчлэн сард 2 удаа шалгалт авч байгаа бололтой. Хүн ихтэй сард дахиж нэмэлт IELTS авагдаж байна лээ. Би ч их сүүлд очсон, тэр нэмэлт шалгалтанд орохоор болвоо, 7н сарын 26нд. 185$-оо тушааж орхичоод толгойдоо IELTS-н тухай биш, өнөө шөнө тоглогдох тоглолтын таамаг дэвшүүлсээр тэдний байрнаас гарсан.

Өдөр хоног өнгөрч дэлхийн аварга тодорсоноор нэг саадтай зүйл дууссан ч монгол түмний минь баяр эхлэх нь тэр.. Хэд хоног сайн ч идэж авна даа. Нөгөө нэг IELTS-д бүртгүүлсэн гэдэг шүү дээ би чинь гэх бодол хуушууртай хамт ходоодонд байсан бололтой. Гэртээ налайнгаа наадмын сонин, дүүгийн паян, найзуудын адал явдлыг сонсон наадмын хэдэн өдрийг дуусгалаа. Нэг орой дуртай ТВ шоугаа татаж үзчээд дараагийн ангиуд нь хэдэн хэдэнд гарах талаар нетээс сонирхож байхад 7.18, 7.25 гэх тоонууд тархийг минь зад цохиод авлаа. Өнөөдөр 7.15н удахгүй 7.26н гэх аймшигтай үнэн нүдний өмнө байлаа. Яасан ч хурдан ойртчихов доо гэж гайхах ч яагаад бэлтгэл хийгээгүй байгаадаа ч гайхах нь мэдээж.

2425e748d9a20c7066a1fb5bd8351488fca73e3d089546689902a9591e7b19dd

Надад тоолоод үзэхэд 11 өдрийн хугацаа үлдэж, хэмжээд үзэхэд 5.5 оноо бүхий IELTS-н хуудас байлаа. Одоо энэ оноогоо өсгөх гэж л шалгалтаа өгнө дөө гэж өөрийгөө урамшуулаад хуваарь болон амжилтын стратегиа бодож эхэллээ. 11хэн хоногт мэдээж их олон практик тест хийж амжихгүй, тэгсэн ч тэгж тест олноор нь хийгээд дэмий. Яагаад гэвэл энэ жаахан хугацаагаа өөрийн чадвараа өсгөх гэж зориулах нь олон тест хийж чадвараа батжуулах гэж оролдсоноос хувь илүү чухал. Иймд би практик тест хийхийг аль болох бага байлгаж, зөвхөн өөрийнхөө чадварыг хэмжиж үзэх зорилгоор цөөн тоотой хийхээр шийдсэн. Миний үгийн сан их хязгаарлагдмал л даа, нилээн дээр олж авсан шинэ үг тогтоох номон дээр ажиллахыг бас зөв гэж бодоогүй. Ер нь ч 11 өдөр хэдэн үг тогтоогоод, тэрнээсээ хэдийг нь ашиглаж сураад байж чадах билээ дээ. Би бол тийм лаг компьютер толгойтой хүн биш. Үүнээс гадна миний татаж авсан BBC podcast-ууд нүдэнд тээртэй харагдсан. Сонсголын сайн дасгал ч гэсэн сайн сонсох бол их урт хугацааны асуудал. Энэ бүхнийг нүднээс далд хийсэн хойно ерөнхий амжилтын стратеги гараад ирсэн.

Миний стратегийн гол цөм нь өмнөх мэдлэгээ сэргээж авах. IELTS-н алдуулах гэж бэлдсэн занганаас бултах, асуултанд хурдан хариулах, хариултаа хурдан олох, төрөл бүрийн асуулт болгонд нь тохирсон аргачлалаар ажиллах гэх мэдлэгээ хурдан сэргээж, энэ чадвараа улам сайжруулах нь миний хэд хоногт баримтлах зарчим.

Ok let’s go. Өөрийнхөө 2 жилийн өмнөх тархин дахь мэдлэгээ ухаж гаргах гэж дахиад хэдэн өдөр болж арга барил, чадвар улам нарийсаж эхэлхэд практик тестэн дээрээ ажиллаж эхэллээ дээ. Тестийн үед анхаарал сулрана, асуултаа ойлгохгүй, унших хэсэгээ ойлгохгүй, хариултаа буруу сонгоно, хугацаандаа амжихгүй, буруу хэсгээс хариулт хайна, арга барагдсан үед шууд буудна гэх мэт олон бэрхшээл тохиолдоно. Тэр бүр дээр юун дээр алдаж байгаагаа сайн мэдрээд, алдаан дээрээ ажиллаад л байлаа. Үүнтэй адилаар 7.26н ойртсоор л..

practice-test-process

Бэлтгэлийн өдрүүдэд би дандаа шөнөөр ганцаараа сууж ажилладаг, ямар ч илүү чимээ шуугиангүй ганцаарханаа. Өглөөдөө пиван дээрээ унтаад л, ор засаж унтах шаардлага байхгүй ээ, энэ муу бие хангалттай сайн байж чадахгүй байхад эвтэйхэн унтах ч шаардлага байхгүй. Хувцас хунар ч гэсэн диванаар нэг ниснэ, янзлаад байх сонирхол байхгүй, хичээл хийж байна шүү дээ. Ер нь тэгээд утгаараа хог дээр гарчдаг даа хэхэхэ.

mrw-i-come-out-of-a-movie-theater-and-its-still-daytime-70425

Ингэж явсаар 7.25ны орой болж орондоо ороод өглөө эрт босно гээд унтана. Өглөө ч болж хэд хоног дэлбэ үсэрсэн болгоноо янзалж аваад хүн төрхөндөө орож ESP рүү зорилоо. Олон шөнө сэрүүн суусан болохоор шөнө бараг унтаж чадаагүй баагий тестээ өгч эхэллээ. Эхлэнгүүтээ л сонсголын хэсэг дээрээ нойрмоглоод section 1-ээсээ 1 хариултыг буудахаас өөр аргагүй болж, 1 хариултыг сонсож ч амжсангүй. Энэ мэдээж тоглоом биш, анхаарлаа улам чангалаад л үзэж тарлаа. Сонсголын хэсэг дээр дахиад нэг section дээр анхаарал суларсанаас бусдаар яг таг суулаа. Дараа нь reading эхэлхэд эхний passage шилний үйлдвэрийн процессын талаар байлаа, Мэддэг үг хэд хэд харагдахын хирээр их удаж бодлогоширч цаг авч байсан, уг нь эхний passage-aa 15min-д дуусгах төлөвлөгөө байсан ч бодлогоширч удсанаас болоод 20min авсан. Харин дараагийн 2 passage огт мэддэггүй сэдэв ирсэн. Биологи болон хими, резиний талаарх сэдвүүд. Энэ сэдвүүдэд эргэлзэж бодох зүйлгүйгээр асуултан дундаас хариултаа уургадсаар дууссан. Writing-д хүснэгт болон байгал хамгаалахтай холбоотой сэдвүүд ирж тэднийг яг л бичдэгээрээ эмх цэгц, логик дарааллаа их анхаарч бичиж дуусгасан. Орой нь speaking-ээ өгөхөөс өмнө унтаж авчаад сандарч тэвдэлгүй яг л өөрийнхөө түвшинд ярьж дуусгасан. Өмнөх IELTS-д би их сандараад өөрийнхөө түвшингээс доогуур ярьсан мөн бас бус өөр хэдэн алдаа гаргаснаа энэ удаадаа давталгүйгээр дуусгасан. Ингээд л IELTS-аа дуусгасан даа. Хариу нь ирэхэд би overall 6.5 (listening,reading,writing 6.5, speaking 5.5 ) авсан дүнтэй. Хариугаа харчаад өө reading дээр яаж авчихаа вэ  тестийн үед их л хурдан хийгээд сүүлд шалгах цаг хүртэл гарч байсан даа гэж бодсон,үүнтэй зэрэгцээд IELTS-д хурдан хийгээд бүгдийг чадаж байна гэж бодох тусам алдаа хийж байгаа гэх өөрийнхөө үгийг санасан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг дээ, 11 хоногын минь хичээл зүтгэл минь.

За би нэг групп нээгээд энийгээ хөтөлж суудаг шүү. Над шиг IELTS-г мултлах зорилготой хүмүүс ороорой

Facebook group: https://www.facebook.com/groups/IELTSprepare/

Өглөөний цэнгэг агаар луу хөтлөх 100н алхам

Standard

Наран ургах туяаг харан таашааж сууж өнөө өглөөг эхлүүллээ. Зарим хүнд бол энэ байдаг л зүйл. Өглөөг эртлэн босож, үр хүүхдээ халамжилж, ажил төрлөө зохицуулж гүйдэг хүмүүсд бол энэ инээд нь хүрэхээр л юм. Харин надад бол энэ арай өөрөөр тусаж байна. Өнгөрсөн 5н жилийн хугацаанд би шөнөөр ажил төрөл, сурах боловсрохоо хийгээд сурсан байгаад л учир байгаа юм. Оройн хоолоо идээд гэрийнхэр унтаад эхлэхэд миний цаг эхлэнэ, сурах шинэ зүйлс юу байна, мэдэх шаардлагатай зүйлсийг судалж сурж эхлэнэ. Энэ цагт намайг хэн ч хориж дийлэхгүйгээр их зүйлд шунаж дурлаж судалж сурдаг. Дээрээс нь ганцаараа байхыг ч хэлэх үү хэн ч саад болохгүй. Өдрийн тэр их чимээ шуугиан, анхаарал сарниулах утас, байн байн шалгуулах facebook гээд энэ бүгд шөнөөр алга болох нь сайхан. Гэвч одоо энэ зуршлаа нэгмөсөн өөрчилөхийг хүсэх болсон. Энэ бүгд нэг л биш гэж хэлэхгүй ээ харин миний тархи оюун санаа шинэ зүйл туршиж амьдралын хэмнэлээ солихыг хүсэх болсонд учир байгаа юм.

Өнгөрсөн хэдэн жилд өглөө босдог байхыг зөндөө оролдож байсан. Яг тийм зуршил болгож чадалгүй бүтэлгүйтсээр л байлаа.Хэд хэдэн ч хүн өглөөд унтдаг гэдгээр минь доог хийж, өглөө тэдэд босдог гэж тохуурхаж л байдаг. Тэгээд тэр хүмүүсээр жишээ авч өөрийн эр хүний шар шазруун зангаа хөдөлгөөд нэг хэсэг оролдлого хийдэг л юм. Харин өдрийн 11н цагт тэр хүмүүстэй уулзахаар  ажил дээр нь очиход ажилдаа ирээгүйгээр барахгүй, нилээн удсаны дараа унтчиж гээд үдийн үед орж ирэхэд миний тэр тэднийг төсөөлсөн төсөөлөл, хор шар алга болчихож байгаа юм даа. Шөнөжин сууж, өглөөжин унтдаг шар шувуунаас хоцорч уулзалтанд ирдэг өглөөний хүн байснаас байгаагүй нь дээр юм даа.

Одоо үед харин байдал өөр болсон. Анх өглөөний хүн гэж ном авч уншаад тэрийг дотроо бодож явдаг байх үед нэг facebook page гарч ирсэн. Өглөөний хүн болон 100н өдөр гэж. Тухайн үедээ тэр page-г list-ндээ хийгээд post болгоноос нь notification аваад л яваад байдаг байлаа. Хэдэн өдрийн өмнө азаар энэ page-ы админтай, үүсгэн байгуулагчтай танилцаж, энэ page-ы admin-уудын нэг болж өглөөний хүн болох үйл явцдаа том хувь нэмэр, хөдөлгөх хүч нэмлээ. Одоо би page-ы уншигч 9000 залуусын өмнө хариуцлага үүрэг хүлээдэг нэгэн болчихжээ.

Энэ л том зүйл өнөө өглөө намайг өндийлгөөд суулгасан. Өглөө би энэ өдрөөс хожсон цагтаа зориулж шинэ ном уншиж эхэлсэн. Энэ номны нэр: Bill gates – The Road ahead (1995)

roadahead

Уншиж эхлээд л Bill gates гэж хүнийг биширч эхэлсэн. Эхний бүлгээрээ A revolution begins гэж эхэлдэг энэ номонд одоо бидний хэрэглэж буй электрон хэрэгсэл, интернетийн хэрэглээний талаар зөгнөж бичсэн байдаг. Зөгнөж гэж хэлэх тохиромжгүй байж болох ч Bill gates удахгүй ирээдүйд ийм тийм зүйлс хэрэглээнд орно гэж бичсэн байдаг. Салбар салбараар нь маш тодорхойгоор дэлгэрэнгүйгээр бичсэн байх нь гайхалтай. Хаа байсан 1995 онд одоо үед ашиглагдах төхөөрөмж, үйлчилгээг таамаглаж байсан хүн өчнөөн олон жил дэлхийн тэргүүлэх баян байсан гэхэд эргэлзэх зүйлгүй болж өгсөн.

Энэ мэтээр өглөөд хожсон цагаараа энэ номоо уншиж дуусгаад дараагын Bill gates-н номоо уншихыг яасан их хүсэж байна гээч. Тун удахгүй тэр номоо бариад төрсөн сэтгэгдэлээ ингээд бичээд сууна биз ээ.